Дааврын ерөнхий шинж
Амьд бие махбодын дотоод орчинд (цус лимфэнд ) шүүрэл ялгаруулдаг булчирхайг дотоод шүүрлийн булчирхай (ДШБ) буюу эндокриний булчирхай гэж нэрлэх бөгөөд энэхүү булчирхайгаас ялгарч тэндээ хуримтлагдахгүй бүхэл бүтэн организмд зохицуулагч нөлөө үзүүлдэг биологийн өндөр идэвхит бодисуудыг даавар гэнэ.Өөрөөр хэлбэл дотоод шүүрлийн жинхэнэ булчирхай, булчирхайлаг бүтцэд нийлэгжин цусанд өчүүхэн бага хэмжээгээр нэвчин ялгарч, тэндээсээ цусны эргэлтээр дамжин бай эс, эд, эрхтэнд хүрч үйлчилдэг өвөрмөц нэгдэл юм. Даавар нь бие махбодид гаднаас зөөгдөн ордоггүйгээрээ аминдэмээс, бодисын солилцоонд катализаторын үүрэг гүйцэтгэдэггүйгээрээ ферментээс ялгаатай. ДШБ-д үүсэх боловч биологийн идэвхигүй бодисыг прогормон гэнэ.
Даавар нь дараах шинжээрээ бусад биологийн идэвхит бодис, нэгдлүүдээс ялгаатай. Үүнд: - Нийлэгжиж буй болсон газраасаа алс хол орших эд, эрхтэнд хүрч үйлчлэх биологийн өндөр чадавхитай нэгдлүүд байдаг. Даавар бүр өөрийн өвөрмөц үйлчлэлээ үзүүлэх бай эд эрхтэнтэй байдаг бөгөөд энэхүү үйлчлэл нь бусад дааврын үйлчлэлтэй давхцах явдал гардаггүй. Биологийн өндөр идэвхитэй тул өчүүхэн бага хэмжээний даавар ч гэсэн организмд асар хүчтэй үйлчлэлийг үзүүлж чаддаг
- Нийлэгжих, биеэс гадагшилах нь түргэн учраас үйлчлэл нь мөн хурдан илэрнэ. Дааврын үйлчлэл тодорхой эрэмбэ дараалалтай буюу тодорхой нэрийн дааврын шүүрэл дээд хэмжээндээ хүрэх эсвэл суурь түвшиндээ хүрч буурахад нөгөөгийнх нь шүүрэл дагаж буурах эсвэл нэмэгдэх маягаар явагддаг. Биологийн идэвхи нь харилцан адилгүй ба өөрийн идэвхийг олох хэлбэр нь ялгаатай. Дээд мэдрэлийн тогтолцоонд хүлээн авсан мэдээлэл, сэдрэлийг эсэд хүргэж дамжуулах шууд зуучлагчийн үүрэг гүйцэтгэнэ.
Даавар үйлчлэлийн ерөнхий механизм: - Тодорхой бодист /ж.нь: глюкоза, амино хүчилд/ зориулан эсийн мембраны нэвчүүлэх чадварыг өөрчилнө. Аллостерик үйлчлэлийн замаар зарим ферментүүдийн идэвхийг зохицуулна. Эсийн генетикийн аппаратанд үйлчлэн ферментийн нийлэгжилтийг зохицуулна. Ферментийн уургийн хэсэг /буюу ферментийн задрал/ кофермент үүсэхэд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны шингэний зохицуулалт хийж организмын үйл ажиллагааны солбицол хийнэ.
Дааврыг шинж чанар, үндсэн үйлчлэлээр нь:
· Мэдрэлийн системийн медиаторууд
· Тухайн дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг сэргээгч дааврууд
· Дасан зохицолтын дааврууд
· Ус-электролитийн солилцоог зохицуулагч
· Нүүрс ус, уураг, липидийн солилцоог зохицуулагч дааврууд (Анаболит үйлчлэл зонхилсон, Катаболит үйлчлэл зонхилсон)
· Хоол боловсруулах замын дааврууд
· Бэлгийн дааврууд гэж ангилдаг.
Дотоод шүүрлийн булчирхайд: Эпифиз, Аденогипофиз, Нейрогипофиз, бамбай болон бамбай ормын, тимус, бөөрний дээд булчирхай, фолликул, эр ба эм бэлгийн булчирхай, шар бие хамаарагдана.
Дотоод шүүрлийн булчирхай, түүнд боловсрогддог дааврууд: