Monday, March 7, 2011

Чихрийн шижин буюу Diabetes mellitus

Чихрийн шижин (Латин хэл: Diabetes mellitus) нь нойр булчирхай хангалттай инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсорсон инсулин бие махбодид нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг архаг явцтай өвчин.
Өнөөдөр дэлхий дээр энэ өвчнөөр өвдсөн хүний тоо 264 саяд хүрээд байгаагаас Монголд 3000 нь байдаг гэсэн тоо баримт байдаг аж. Гэхдээ манайд өвчтөний бүртгэл хяналт хангалтгүй гэж үздэг.
•           Жил бүр энэ өвчнөөр долоон сая хүн шинээр оношлогдож байна.
•           Жил бүр энэ өвчний улмаас 3,8 сая хүн хорвоог орхиж байна.
•           Чихрийн шижин өвчний өвчлөл өндөртэй 10 орны долоо нь хөгжиж буй улсууд.
•           Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн тал нь 40-59 насныхан. Тэдний 70 гаруй хувь нь хөгжиж буй оронд амьдарч байна.
Ийм байдлаар цаашид үргэлжилбэл 2025 он гэхэд энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо 380 саяд хүрнэ гэсэн тооцоо байдаг. Манай орны хувьд 2005 оны судалгаагаар 8.2 хувийн тархалттай байна.
Нөлөөлөх хүчин зүйлс
1.         Удамшил
2.         Таргалалт
3.         Цусны даралт ихсэх өвчин, цусны судасны хатуурал
4.         Цусанд өөх тосны хэмжээ их байх
5.         Хөдөлгөөний хомсдол
6.         Буруу хооллолт
7.         Сэтгэл санааны сөрөг нөлөө
8.         Эмгэг жирэмслэлт, жирэмсний хожуу хордлого, 4.5-аас дээш кг жинтэй хүүхэд төрүүлэх
9.         Хорт зуршил, архи тамхины хэрэглээ
Эдгээрийн нэгээс хоёр тохиолдол танд байвал чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэл байна гэсэн үг.

Ангилал
Шалтгаанаар нь
•           1-р хэлбэрийн чихрийн шижин
•           2-р хэлбэрийн чихрийн шижин
•           Шинж тэмдгийн чихрийн шижин
•           Жирэмсний чихрийн шижин
Зэргээр нь
•           Хөнгөн
•           Дунд
•           Хүнд
Шалтгаан
•           1-р хэлбэрийн чихрийн шижин - Инсулины туйлын дутагдал (нойр булчирхайн үйл ажиллагааны алдагдалтай холбоотойгоор үүснэ. Үүний улмаас цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг инсулин нэртэй дааврыг ялгаруулахаа больдог. Ихэвчлэн бага насны хүүхэд)
•           2-р хэлбэрийн чихрийн шижин - Инсулины харьцангуй дутагдал (инсулиний ялгаралт хэвийн байдаг ч биеийн эсүүд инсулинийг мэдрэхээ байдаг. 35 буюу түүнээс дээш насныхан)
•           Шинж тэмдгийн чихрийн шижин - үндсэн өвчин бус өөр өвчний суурин дээр үүсч буй эмгэг
o          нойр булчирхайн удамшлын эмгэг
o          Эмийн болон химийн бодисын нөлөөлөл
o          Халдвар
o          Дархлал тогтолцооны урьдал өөрчлөлт
o          Таргалалт
o          Нойр булчирхайн өвчин, хорт хавдар, нойр булчирхайн үрэвсэл
o          Хэвлий, тархины гэмтлүүд зэрэг
•           Жирэмсний чихрийн шижин - жирэмсний явцад эмэгтэй хүний цусанд сахар ихэсдэг. Нэгэнт ихэссэн сахарын хэмжээ буурахгүй тохиолдолд чихрийн шижингээр өвдөх магадлал ихэснэ.
Гарч болох шинж тэмдгүүд
•           Ам цангах, хатах
•           ойрхон шээх
•           ядарч сульдах, турах
•           шарх удаан эдгэрэх, өвчлөмтгий болох
•           хараа муудах
•           Нойронд муу болох
•           Арьс загатнах
Эмнэлзүй, явц
•           Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижингийн үед заримдаа бие илэрхий сулран, хэвлийгээр өвдөх, бөөлжүүлж, амнаас ацетон үнэртэх /кетоацидоз/ зэрэг шинж тэмдэг илэрсний дараа биеийн байдал эрс мууддаг. Хэрэв кетоацидоз үүсэн үед яаралтай оношлон, богино хугацаанд арилгахгүй бол хүн ухаан алдаж, улмаар үхэх аюултай.
•           Хоёрдугаар төрлийн чихрийн шижин нь гол төлөв удаан хугацаанд аажмаар үүснэ.
•           Инсулин дутагдсан үед бие махбод глюкозыг шингээж чадахаа байснаар, глюкоз нь цусанд хуримтлагддаг. Глюкозын илүүдэл нь шээсээр ялгарч, олон удаа шээс хүрнэ. Улмаар шингэн их хэмжээгээр алддаг тул байнга ам цангаж, ус, шингэн зүйл ихээр хэрэглэхэд хүргэнэ. Чихрийн шижин нь нүүрс усны солилцооны хямралд хүргэсний улмаас бие махбодид явагддаг амин чухал бүх л процессүүд хямарна.
Оношлогоо
•           Эмнэлзүйн шинж илэрвэл эмчид хандах
•           өлөн үеийн цусны сахар тодорхойлох
•           глюкозын ачаалалтай сорил хийх
•           Шээсэнд кетоны бие ба глюкоз илрүүлэх шинжилгээ.
•           Цусан дахь гликозилчлагдсан гемоглобиныг хэмжээг тодорхойлно
•           Цусан дахь инсулин ба С-пептидийг тодорхойлно. Чихрийн шижингийн нэгдүгээр хэлбэрийн үед инсулин ба С-пептид харьцангуйгаар багасна, харин хоёрдугаар хэлбэрийн үед хэвийн хэмжээнд байна.
Эмчилгээ
•           Сургалт
•           Хоол
•           Идэвхитэй хөдөлгөөн
•           Сахар бууруулах эмийн эмчилгээ
•           Инсулин эмчилгээ
Хүндрэл
Хурц хүндрэл гэдэг нь
•           сахар ихдэлт - Сахар ихдэлтийн ком гэдэг нь уг өвчин оношлогдохгүй, тухайн хүн мэдэхгүй эсвэл хоолны дэглэм барихгүй, сахар бууруулах эмчилгээ хийлгэхгүй байгаа тохиолдолд сахар ихсэж ком-д орж ухаан алдах
•           Сахар багадалтын комууд – сахар багадалтын ком гэдэг сахараа хяналгүйгээр сахар бууруулах эмийн тунг хэтрүүлж уух удаан өлөн байх зэргээс шалтгаалан ком-д орохыг хэлнэ.
Энэ 2 хүндрэлийн тухай ЧШӨ-тэй хүн болон ар гэрийнхэн заавал мэдэж байх ёстой.
Архаг хүндрэлүүдэд
•           бөөр, бөөрний архаг дутагдалд орох
•           нүд сохрох
•           хөлний хүндрэл орно.
Судасны хүндрэлийн улмаас хөлөө тайруулах, зүрхний шигдээс болон зэрэг хүндрэлүүд үүсдэг.
Урьдчилан сэргийлэх
•           Эрүүл зөв хооллох
•           Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх
•           Илүүдэл жингүй байх, илүүдэл жинтэй бол түүнийгээ хасах
•           Хорт зуршлаас татгалзах
Жил бүрийн 11 сарын 14-ний өдрийг 1991 оноос эхлэн дэлхий даяар чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр болгон зарласан.

No comments:

Post a Comment