Monday, March 7, 2011

Дотоод шүүрлийн тогтолцооны тухай


Дааврын ерөнхий шинж
Амьд бие махбодын дотоод орчинд (цус лимфэнд ) шүүрэл ялгаруулдаг булчирхайг дотоод шүүрлийн булчирхай (ДШБ) буюу эндокриний булчирхай гэж нэрлэх бөгөөд энэхүү булчирхайгаас ялгарч тэндээ хуримтлагдахгүй бүхэл бүтэн организмд зохицуулагч нөлөө үзүүлдэг биологийн өндөр идэвхит бодисуудыг даавар гэнэ.Өөрөөр хэлбэл дотоод шүүрлийн жинхэнэ булчирхай, булчирхайлаг бүтцэд нийлэгжин цусанд өчүүхэн бага хэмжээгээр нэвчин ялгарч, тэндээсээ цусны эргэлтээр дамжин бай эс, эд, эрхтэнд хүрч үйлчилдэг өвөрмөц нэгдэл юм. Даавар нь бие махбодид гаднаас зөөгдөн ордоггүйгээрээ аминдэмээс, бодисын солилцоонд катализаторын үүрэг гүйцэтгэдэггүйгээрээ ферментээс ялгаатай. ДШБ-д үүсэх боловч биологийн идэвхигүй бодисыг прогормон гэнэ.
Даавар нь дараах шинжээрээ бусад биологийн идэвхит бодис, нэгдлүүдээс ялгаатай. Үүнд: - Нийлэгжиж буй болсон газраасаа алс хол орших эд, эрхтэнд хүрч үйлчлэх биологийн өндөр чадавхитай нэгдлүүд байдаг.  Даавар бүр өөрийн өвөрмөц үйлчлэлээ үзүүлэх бай эд эрхтэнтэй байдаг бөгөөд энэхүү үйлчлэл нь бусад дааврын үйлчлэлтэй давхцах явдал гардаггүй. Биологийн өндөр идэвхитэй тул өчүүхэн бага хэмжээний даавар ч гэсэн организмд асар хүчтэй үйлчлэлийг үзүүлж чаддаг
- Нийлэгжих, биеэс гадагшилах нь түргэн учраас үйлчлэл нь мөн хурдан илэрнэ. Дааврын үйлчлэл тодорхой эрэмбэ дараалалтай буюу тодорхой нэрийн дааврын шүүрэл дээд хэмжээндээ хүрэх эсвэл суурь түвшиндээ хүрч буурахад нөгөөгийнх нь шүүрэл дагаж буурах эсвэл нэмэгдэх маягаар явагддаг. Биологийн идэвхи нь харилцан адилгүй ба өөрийн идэвхийг олох хэлбэр нь ялгаатай. Дээд мэдрэлийн тогтолцоонд хүлээн авсан мэдээлэл, сэдрэлийг эсэд хүргэж дамжуулах шууд зуучлагчийн үүрэг гүйцэтгэнэ.

Даавар үйлчлэлийн ерөнхий механизм: - Тодорхой бодист /ж.нь: глюкоза, амино хүчилд/ зориулан эсийн мембраны нэвчүүлэх чадварыг өөрчилнө. Аллостерик үйлчлэлийн замаар зарим ферментүүдийн идэвхийг зохицуулна. Эсийн генетикийн аппаратанд үйлчлэн ферментийн нийлэгжилтийг зохицуулна. Ферментийн уургийн хэсэг /буюу ферментийн задрал/ кофермент үүсэхэд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны шингэний зохицуулалт хийж организмын үйл ажиллагааны солбицол хийнэ.

Дааврыг шинж чанар, үндсэн үйлчлэлээр нь:
·                           Мэдрэлийн системийн медиаторууд
·                           Тухайн дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг сэргээгч дааврууд
·                           Дасан зохицолтын дааврууд
·                           Ус-электролитийн солилцоог зохицуулагч
·                           Нүүрс ус, уураг, липидийн солилцоог зохицуулагч дааврууд (Анаболит үйлчлэл зонхилсон, Катаболит үйлчлэл зонхилсон)
·                           Хоол боловсруулах замын дааврууд
·                           Бэлгийн дааврууд гэж ангилдаг.

Дотоод шүүрлийн булчирхайд:  Эпифиз, Аденогипофиз,  Нейрогипофиз, бамбай болон  бамбай ормын, тимус, бөөрний дээд булчирхай, фолликул, эр ба эм бэлгийн булчирхай, шар бие хамаарагдана.
Дотоод шүүрлийн булчирхай, түүнд боловсрогддог дааврууд:
 
1. Өнчин тархины өмнөт хэсэг:
а. Өсөлтийн гормон буюу соматотропины даавар /СТД/
б. Анхдагч-гонадотропин даавар – фолликул - идэвхижүүлэгч даавар /ФИД/
в. Хоёрдогч - гонадотропин даавар- лютеинжүүлэгч даавар /ЛД/
г. Гуравдагч-гонадотропин даавар- лютеотропин даавар /ЛТД/ буюу пролактин
д. Адренокортикотропин даавар /АКТД/
е. Тиреотропин даавар /ТТД/
ё. Липотропин даавар-липотропин
2. Өнчин тархины дунд хэсэг
а. Интермедин буюу меланофор (хроматофор) даавар
3. Өнчин тархины хойт хэсэг
а. Вазопрессин (питрессин). Энэ нь антидирует даавар /АДД/
4. Эпифиз:
а. Серотонин
б. Мелатонин
в. Адреногломерулотропин
5. Тимус (бахлуур булчирхай)
а. Лимфоцит идэвхижүүлэгч фактор /ЛИФ/
б. Промин
в. Ретин
6. Нойр булчирхай:  
а. Инсулин
б. Глюкагон буюу гипергликеми- гликогенолизийн фактор /ГГФ/
в. Липогормон-липокаин
г. Ваготонин
д. Центропенин
7. Ходоод гэдэсний зам (даавар төст бодис):  
а. Гастрин
б. Энтерогастрин
в. Секретин
г. Панкреозимин
д. Холецистокинин
е. Энтерокинин
ё. Вилликинин
8. Бөөрний юкстагломер-аппарат:  
а. Ренин
9. Бөөрний дээд булчирхайн тархилаг бодис /БДБТБ/:  Катехоламинууд (пирокатехинаминууд)
а. ДОФ-амин
б. Норадреналин
в. Адреналин (изопротеренол)
10. Холтослог бодис
а. Стероид-дааврууд (кортикостероид) /КС/
11. Түүдгэнцэр эс (минеаллокортикоид МК)
а. Альдостерон
б. Кортикостерон
12. Багц эс (глюкокортикоид ГК)
а. Гидрокортизон (кортизол)
б. Кортизон
13. Торлог эс
а. Бэлгийн дааврууд (ихэвчлэн эр бэлгийн)
б. Эстрогенүүд
14. Эр бэлгийн булчирхай (төмсөг) Андрогенүүд:
а. Тестостерон
б. Андостерон
в.Этиохоланолон
г. Эстроген
15. Эм бэлгийн булчирхай (өндгөвч) Эстрогенүүд:
а. Эстрон
б. Эстриол болон үндсэн даавар- эстрадиол
в. Шар биеийн даавар-прогестеронг.
Г.Жирэмслэлтийн үеийн даавар-релаксин
д. Андроген
16. Ихэс:
а. Хорионы гонадотропин /ХГТ/
б. Релаксин в. Андроген

Мэдрэлийн системийн даавар:
Гипоталамусын даавар: энэ нь гипофиз-тай (өнчин тархи) хамт бодисын солилцоог зохицуулах нэгдмэл системийг буй болгох бөгөөд энд гипофизээс даавар гаралтыг зохицуулдаг пептид үүснэ. Эдгээрийг нь рилизинг фактор гэнэ. ДШБ-н үйл ажиллагааг идэвхижүүлэгчийг либерин, саатуулагчийг статин гэнэ. Гипоталамуст эдгээрээс гадна окситоцин, вазопрессин нийлэгжиж өнчин тархины хойт хэсэгт хаана нөөцлөгдөж, хаанаас шүүрэх тэр газарт аксоноор тээвэрлэгдэн хүрдэг.
Эпифизийн даавар: Мелатонин нь серотонинийг метоксилжих үед үүсч арьсны пигментийн солилцоонд оролцоно. Адреногломерулотропин нь альдостероны шүүрлийг идэвхижүүлнэ. Гонадотропины ингибатор нь (саатуулагч) өнчин тархины лактогены дааврын нийлэгжилтийг дарангуйлах үйлчлэлтэй, 9-н аминхүчлийн үлдэгдлээс тогтсон цагирагт нэгдэл юм.
Өнчин тархины даавар: Өнчин тархи нь 0.5- 0.6гр (бөөрний дээд булчирхайнаас 25 дахин бага) боловч ДШ-н маш чухал булчирхай бөгөөд өмнөт, хойт, дунд гэсэн гурван хэсгээс тогтоно. Өнчин тархины үйл ажиллагаа мэдрэлийн систем, ялангуяа гипоталамус, тархины холтослогоор зохицуулагдана.
Өнчин тархины өмнөт хэсгийн даавар: Өсөлтийн, пропиомеланокортины бүлгийн пептид, гликопротейн гэж гурав ангилна.
Өсөлтийн соматотропин даавар (СТД): Энэ нь хүний биеийн бүтэц хэлбэржих болон өсөлтөнд маш чухал нөлөө үзүүлдэг. Өнчин тархины хэт үйл ажиллагааны (гиперфункци) улмаас хүн амьтны бие хэтэрхий томрон өснө. СТ дааврын илүүдлээр биеийн зарим хэсгүүд жигд бус томрох ба үүний нэг шинж тэмдэг нь хэлний хэмжээ ихсэх үзэгдэл нь нас бие гүйцсэн хүнд тохиолдоно. Харин дутагдвал өсөлт саарч (хүний хувьд 60-80см) одой (карлик) биетэй болно. СТД нь бүтцийн хувьд энгийн уураг. СТ даавар нь уураг, нуклейн хүчлийн нийлэгжилтийг идэвхижүүлж, нүүрс ус, липидийн солилцоонд нөлөөлж, эдэд глюкоза шингэлтийг сайжруулж  булчингийн эдэд глюкоза, амин хүчлийн идэвхитэй зөөгдөлтийг сайжруулдаг. Хоёрдогч чухал механизм нь РНХ-н нийлэгжилтийг хурдасган, ясны эдэд уураг, эрдэс бодисын чухал зохицуулагч болдог тул араг ясны хэлбэржилт зөв явагдана.
Тиреотропин, тиреотропиний даавар (ТТД): Бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй ба энэ нь өнчин тархины урд хэсгийг авахад цусан дахь бамбай булчирхайн даавар троксины хэмжээ багасч, йод шингэлтийн процесс суларч байснаар батлагдсан.
Кортикотропин, адренокортикотропины даавар (АКТД): АКТД нь бөөрний дээд булчирхайн холтослог дааврын хэвийн үйл ажиллагаа, бүтцийн хэлбэржилтэнд оролцдог. Холестириноос стероид даавар нийлэгжилтийг хурдасгах, тэдгээрийн цусанд ялгаран орох явцыг түргэсгэдэг, бөөрний дээд булчирхайн холтослог давхарт холестирины агууламжийг нэмэгдүүлэх, булчирхайн эст мембранаар глюкоза оролтыг сайжруулах, НАДФ-н ангижирсан хэлбэрийн эх булаг болдог апотоми (пентоза-фосфатын) мөчлөгийг идэвхижүүлдэг.
Гонадотропины даавар (ГД): ГД-ууд нь бэлгийн үйл ажиллагаа, бэлгийн булчирхайн хөгжлийн тодорхой үе шат, түүний үйл ажиллагаа, бэлгийн бойжилт, хөгжилт, сүүний булчирхайн хэлбэржилтийг зохицуулна. Өөрөөр хэлбэл бэлгийн булчирхайд стероид даавар үүсэх (стероидгенез), бэлгийн эс үржих (гаметогенез) процессийг хангаж өгдөг.
Фолликул-идэвхижүүлэгч даавар (ФИД): Энэ нь эр амьтанд сперм (боловсроогүй үр) үүсэх, эм амьтны фолликулын үйл ажиллагааг нэмэгдүүлдэг. Найрлагандаа 20% хүртэл нүүрс ус агуулсан байдаг. Төмсөгний сертол-эс, өндгөвчний фолликул эсийн ба эдийн плазмын мембран дээр өвөрмөц рецептор (хүлээн авагч)-той холбогдож АМФ-н үүсэлтийг нэмэгдүүлж өгдөг. ФИД үгүй тохиолдолд амьтны төмсөг хатингаршиж сперм үүсэхгүй ба түүний агууламж бэлгийн боловсролтын үед цусны сийвэнд нэмэгдэнэ.
Лютейнжүүлэгч даавар (ЛД): Фолликул боловсрох, түүнээс шар бие үүсэхэд маш их хэрэгтэй. ЛД нь плазмын мембраны өвөрмөц рецептортой холбогдож төмсгөнд лейдагийн эс, өндгөвчинд тека-эсийн үйл ажиллагаа, хөгжилтөнд нөлөөлж, лейдагийн эсээр тестостерон, шар биеийн эсээр прогестерон үүсэх явцийг идэвхижүүлдэг учраас эр, эм бэлгийн даавар нийлэгжилтийн гол зохицуулагч нь болдог.
Пролактин, лактоген-даавар: Хөхний үйл ажиллагаа, сүү үүсэлтийг идэвхижүүлдэг учир төрсний дараа бие махбодид дааврын хэмжээ үргэлж ихэсч ширгэх хүртэл хадгалагддаг. Пролактины үйл ажиллагаа нь гонадотропин-дааврын нөлөөлөлтэй холбоотойгоор булчирхайлаг эдийн өсөлт, хөхний гадагшлуулах цорго хэлбэржих явцыг эрчимжүүлэхээс гадна шар биеийн үйл ажиллагааг идэвхижүүлдэг.
Өнчин тархины дунд хэсгийн даавар: Эндээс меланофор-даавар өөрөөр хэлбэл меланоцит идэвхижүүлэгч даавар (МИД) ялгарах ба газар уснаа явагч, загас зэрэг амьтанд пигмент үүсэхэд оролцдог.
Эритрофор-даавар нь А-аминдэмийг ретинальд хувирах, түүнтэй нэгдэн родопсин үүсгэдэг өвөрмөц уураг опсины нийлэгжилтэнд идэвхижүүлэгч нөлөө үзүүлдэг.
Өнчин тархины хойт хэсгийн даавар: Энэ хэсэгт вазопрессин, окситоцин гэсэн дааврууд орно.
Вазопрессин: Энэ даавар нь цусны даралтыг нэмэгдүүлэхээс гадна, бөөрний сувганцар дээр шээс үүсэхийн эсрэг үйлчлэл үзүүлдэг. Өөрөөр хэлбэл бөөрний сувганцарын хялгасан судалд ус эргэн шимэгдэх нөхцлийг хангадаг учир шээс үүсэхийн эсрэг даавар гэдэг нэр авсан. Вазопрессин нь химийн бүтцийн хувьд 5-н амин хүчил, 3-н амидын үлдэгдэлээс тогтсон октапептид юм.
Окситоцин: Үйлчлэлийн механизм нь төдийлөн тодорхойгүй боловч хөхний булчирхайн ширхэг, умайн гялгар булчинг агшаадаг тул тодорхой тунгаар төрөлтийн үйл ажиллагааг дэмжихэд ашигтай. Окситоцинд зориулалттай мембраны рецептор умай, хөхний булчирхайд олдсон. Окситоцин нь умайн булчингийн эст кали нэвт шимэгдэлтийг эрчимжүүлж, ацетил холинэстраза ферментийн идэвхийг сулруулж, булчин цоцрох, агших явцыг нэмэгдүүлж байдаг. Химийн бүтцээрээ вазопрессинтэй төстэй.
Нойр булчирхайн даавар: Нойр булчирхай нь гадаад болон дотоод шүүрлийн эрхтэн бөгөөд дотоод шүүрлийн хэсэг нь нийт жингийн 1-2%-гэзлэнэ.
Инсулин: Нойр булчирхайн хоногт ялгаруулдаг нийт дааврын 15-20%-г инсулин эзлэх бөгөөд гол үүрэг нь нүүрс ус, уураг, липидийн солилцоонд оролцдог. Инсулины ялгаралт багадахад цусны глюкозын хэмжээ ихэсч, шээсээр гарч, глюкозури цаашдаа шээсний хэмжээ ихсэн улмаар их хэмжээний дулаан алдана. Инсулины дутагдлаар липидийн цусны сийвэн дэх хэмжээ нь өснө. Ингэснээр элгэнд тосны хүчлийн исэлдэлт ихсэж, цусанд β-гидрокимаслын, цуугийн хүчлүүд хуримтлагдана. Инсулин уургийн солилцоонд нийлэгжих (анаболит) үйлчилгээ үзүүлж, түүний нийлэгжилтийг идэвхижүүлж, задрах явцыг багасгана. Нөгөө талаар инсулин нь эсийн мембранаар глюкоза зөөгдөх, глюкоза шингэх, глюкогений солилцоо, өөхний эд, глюкоза үүсэх, эсийн үржил зэрэгт нөлөөлдөг.
Глюкагон: Элэгний плазмын мембрантай холбогдож аденилатциклаза ферментийг идэвхижүүлснээр АМФ болон фосфорилазаг идэвхижүүлж гликогены  задралыг хурдасгаж элгэнд глюкоза үүсэлтийг нэмэгдүүлж өгснөөр цусны глюкозын түвшинг дээшлүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Нэг онцлог нь булчинд глюкоген задрах процесст нөлөөлдөггүй.

Бамбай булчирхайн даавар: Насанд хүрсэн хүний бамбай булчирхай 20- 30гр, эмэгтэй хүнийх хөхүүл үед арай илүү томордог. Бамбай булчирхайн үйл ажиллагаа муудвал биеийн өсөлт зогсож, хэлбэр маяг алдагдан ухаан санаа мууддаг.
Тироксин (Т4 ): Энэ нь үл орлогдох амин хүчил фенилаланин эсвэл тирозиноос нийлэгждэг. Тироксин нь мэдээллийн, рибосомын, митохондрын РНХ-ийн нийлэгжилтэнд нөлөөлснөөрөө уураг-ферментийн нийлэгжилтэнд оролцдог.
Трийодтиронин(Т3 ):  Монойодтирозины молекул дийодтирозины молекултай нэгдэн трийодтиронинг үүсгэнэ. Бамбай булчирхайн солилцооны үндсэн үйл ажиллагаа нь хүчилтөрөгч шингээлтийг дээшлүүлэхэд оршино. Т3 нь уургийн ерөнхий нийлэгжилтийг ихэсгэж азотын эерэг тэнцлийг хангаж өгдөг. Хэрэв хэмжээ нь их байвал эсрэг үйлчлэл үзүүлнэ.
Тиреокальцитонин (кальцитонин): ББ-н йодтой даавраас гадна кальцифосфорын солилцоог зохицуулдагнэ даавар нь С-эсээс ялгардаг, 32 амин хүчлээс тогтсон. Гол үйлчлэл нь цуснаас ясанд кальци шилжих явцыг дэмжин үүний эсрэг явагдах процессийг удаашруулдаг учир цусан дахь фосфорын хэмжээг тогтмол байлгадаг.
Дааврын хэмжээ цусанд маш бага (ойролцоогоор 10-9 – 6 моль/л) боловч энэ хэмжээнд тохирох молекулын тоо нь асар их( 1014 -1017 молекул/л) - 10
                Орчин үед клиник химийн үүднээс даавруудыг 2 үндсэн ангид хуваан авч үздэг. Үүнд:        1. Азот агуулсан дааврууд:
                        а.Уургийн бүтэцтэй: паратгормон, инсулин, соматотропин
                        б.Пептид бүтэцтэй: кортикотропин, глюкагон, антидиуретик даавар, окситоцин, либеринүүд, статинууд
                        в.Аминхүчлийн уламжлалын: адреналин, норадреналин, тироксин
г.Амин хүчил-даавар: гамма-амин тосны хүчил
2. Липидийн шинж чанартай дааврууд: Энд стероидууд болон тосны ханаагүй хүчлүүдийн(арахидоны) уламжлалт дааврууд орно.
Бөөрний дээд булчирхайн кортикостероидууд, тестостерон, эстрадиол, простагландинууд, простациклинүүд г.м

No comments:

Post a Comment